Итгэнэм…

Bat-erdene Batuka
2 min readMar 24, 2019

--

Адуу дуураараа бэлчсэн уудам дэлгэр нутаг минь

Алаг дэлхийн зүрхэнд орших галын дөлтэй нутаг минь

Дэлхийн түүхэнд тодоос тод мөнхөрсөн дэлгэр саруул нутаг минь

Далай тэнгис давалгайлах адил сэтгэлд минь халгих нутаг минь

Өвөг эцэг минь бүлээн амиараа хайрлан хамгаалсан нутаг минь

Үхэх хүртлээ таниараа овоглох тусгаар тогтносон нутаг минь

Өхөөрдөм үрс минь ч таниар овоглох үүрд орших нутаг минь

Үлгэр домог ч таниар үргэлжлэх үүсэл болсон нутаг минь

Таниараа овоглох би …

Аугаа түүхтэй нутаг минь ариун дагшин байгаасаа гэж хүснэм

Атгаг муу санаатанд хорлогдчихвийдээ гэж санааширнам

Тусгаар тогтносон тунхаглалаа алдчихвийдээ гэж айнам

Туурга тусгаар байдлаа нэгтэгчихвийдээ гэж харланам

Үр хүүхэд минь харийнх болчихвийдээ гэж гунинам

Үргэлжлэх энэ амьдрал хүнийх болчихвийдээ гэж бачуурнам

Суут өвөг дээдэс Чингисийн үрс бид босоо заяат, босго нь өндөр байх ёстой гэж

Саруул ухаант хатадын хүүхдүүд бид цэцэн цэлмэг, сэргэлэн цовоо байх ёстой гэж

Үүсэл нь мэдэгдэхгүй харийн амьтдад үйлсээрээ дээрэлхүүлж, ухаанаараа доромжлуулах эрхгүй гэж

Үнэнч нь мэдэгдэхгүй албат нэрт авлигалчидад амьдарлаа даатгаад суух эрхгүй гэж

Бодно… Гэхдээ Монголоор овоглосон хүн бүхэнд…

Хэлээд болчихдог хөгжил байдаггүй юм хийж бүтээдэг хөгжил гэж харин байдаг юм

Мөрөөдөөд биелдэг хүсэл гэж байдаггүй юм хөдөлмөрлөж бүтээдэг хүсэл гэж байдаг юм

Уудам уудам гэдэг ч эх болсон дэлхийдээ нутаг минь жижигхэн шүү

Цөөхөн цөөхөн гэдэг ч энэхэн дэлхийдээ бид чинь олуулаа шүү

Түм буман газар дундаас нутагт минь төрсөндөө чи бахарх

Түүх нь танигдаж тусгаар тогтносон нутагт минь ирсэндээ чи баярла

Энэ бүхний эцэст би ганц л юм хэлье

Хар дарсан зүүдэндээ бусдаас үүрд ичиж амьдрах уу

Хүсэл тэмүүлэлтэй амьдралдаа бусдаас үүрд толгой дээгүүр амьдрах уу

Харцын адил эзнээсээ эмээсэн эрх чөлөөгүй байдлаар амьдрах уу

Хамаг Монгол хэмээн хашгирч бас цээжээ дэлдэж бардам амьдрах уу?…

ЧИ СОНГО…

--

--