Ертөнцөд би мөнх амьдрах гэж ирээгүй ээ. Ирж, буцах хэмээн хүндэтгэн нэрлэх жамыг л дагана. Ирэхэд минь баярласан, буцахад минь гундсан их олон хүмүүн цэцэгстэй энэ хугацааг туулна даа. Атаа жөтөө, аархал омогшил, ихэрхэл баярхал, илүү харах зангүйгээр эрээн бараантай хүний амьдралд буяныг үйлдэж туулахсан.

Дүүтэй хүн дотроо нэгийг бодож, хоёрыг тунгааж эхлэдэг юм байна. Ер нь хүн хүнийхээ төлөө л амьдарсан хором мөч бүр жинхэнэ амьдрал юм байна. Өөрийгөө бодож, би л болж байвал гэж сэтгэх нь үнэхээр гутамшиг, дорой зан аж. Өрөөлд тусалж, өрөөлийг тэтгэж, өрөөлийг энэрэх цагт жинхэнээсээ амьдардаг юм байна.

Намайг хайрласан бүхэн жаргаж
Миний хайрласан бүхнийг бурхан ивээг.